Ч.Номин: Зургаадугаар сарын 1-нээс аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно
Байгаль орчин

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Соёлын сайд Ч.Номин танилцууллаа.
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудад суурилан зургаадугаар сарын 1-нээс олгож эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрбээр хэлсэн юм.
Энэ жилийн тухайд аялал жуулчлалын салбарт 200 орчим тэрбум төгрөгийн зээл гарна гэдгийг ч нэмж мэдээлэв.
Тэрбээр хэлэхдээ "2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласан билээ.
Энэ хүрээнд ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөн, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гарсан.
Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг бий болгох суурийг тавьсан гэсэн үг. Ингэхдээ зургаан жил хүртэлх хугацаанд зургаан хувийн хүүтэй зээл гаргах Засгийн газрын тогтоол гарлаа.
Салбартаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын "Бостон Консалтинг Групп"-тэй өнгөрсөн жил хамтран ажиллаж, аялал жуулчлалын нөхцөл байдал, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн судалгааг гарган 2030 он хүртэлх стратегиа тодорхойлсон.





